“Автобус -3”-ынхан ажил хаялтаа зогсоов
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилчид өнөө өглөө ажил хаялт зарласан бөгөөд 11.30 цагт ажил хаялтаа зогсоож ажилдаа гарлаа. Ажил хаялт 4 цаг орчим үргэлжлэв.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард ажил хаях түр хороо байгуулагдаад 5 үндсэн шаардлагыг тавьж байсан юм. Үүнд нийтийн тээврийн ажилчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, шугаманд ажиллаж байгаа цагийн буюу замын түгжрэл, саатлын нэмэгдлийг авах, нэг цагийн үнэлгээний хөлсийг нэмэх, нийт ажилчдынхаа цалинг нэмүүлэх, засварчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах гэжээ. Эдгээр шаардлагыг биелүүлсэн гэж үзээд энэ түр хороо нь татан буугдсан байсан бол өнөөдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэ түр хороо байгуулагджээ. Шинэ хорооноос ажлын орчноо сайжруулъя, захиргаа удирдлагаа сольё гэсэн шаардлагыг хүргүүллээ.
Дашрамд дурдахад “Автобус -3” компани байгуулагдаад 20 жил болж байна. Одоогийн байдлаар жолооч, кондуктортойгоо нийлээд 400-аад ажилчинтай. Үүн дотроо 5 засварчин, 5 инженертэй аж.
Жолооч :
Өдөр болгон 4 цагт босоод 4.30 эсвэл 05.00 цаг гэхэд ажилдаа ирдэг. Саяхан аудитын байгууллагаас ирж бидний цалинг 100 хувь ч нэмэх боломжтой гэсэн дүгнэлт гаргачихаад явсан. Тэгтэл манайхыг жилдээ 500-600 сая, бараг тэрбумын алдагдалд ордог гэж яриад байдаг. Өмнө нь жолоочийн цалин 330 мянга, кондуктор 280 мянган төгрөг байсан. Тэгээд одоо нэмэгдээд жолооч 430 мянга, кондуктор 350 болсон л доо. Гэвч энэ нь хангалтгүй байна. Захирал солигдсоноос хойш хяналт шалгалт их болсон. Өнөөдрийн хувьд зүгээр халагдсан хүнийг шууд ажилдаа ор, шугамандаа гар гэж тушааж байна, үндсэн жолоочийг тоох ч үгүй байна.
Бид өнөөдөр цалин нэмэгдүүлэх асуудлаар биш ажлын байрны дарамт шахалтыг зогсооё гэж ажил хаялт зарласан юм. Жишээ нь: кондукторуудыг зорчигчид билетээ урж хүчингүй болголгүй өгсөн байна гээд хүний гишгэсэн шавар шавхайтай тасалбарыг хүртэл гаргаж ирээд ажлаас нь халж байна.
Сард хэчнээн хүн ажлаас халагдаж байгаа юм бэ?
14 хоногт 10 хүн халагдаж байна гэхээр хориод хүн халагдаж байна гэсэн үг. Улсын байгууллагад ажиллаж байгаа бидэнд ажлын байрны баталгаа алга. Шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт багаа бүрдүүлж байна гээд өөрсдийн хамаатан садан, танил талаа цуглуулж байгаа учраас өнөөдрийн шаардлага гарч байгаа юм. Саяхан удирдлага солигдсон тэр оройдоо ерөнхий инженерийг сольсон.Жолооч, кондукторууд компанид хэр орлого оруулж байна?
Явж байгаа шугамнаас, 2 кондуктороос хамаараад сардаа багаар бодоход 5 сая 500 мянгыг хангалттай оруулдаг.
Кондуктор:
Миний ойлгож байгаагаар өнөөдөр Түр хороо байгуулагдаад хариуг нь хүлээж байна. Тэрнээс зөвшилцөлд хүрсэн зүйл байхгүй. Бид хөдөлмөрийн хуулиараа сард ядаж дөрөв хоног амарч байх ёстой. Гэвч 30 хоног ажиллаж байж миний цаг хүрдэг. Цалин хүрэлцэж байна уу?
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэж суутгаж аваад гар дээр авч байгаа мөнгө хүндрэлтэй байна. Бид өглөө 4.00 цагт босно. Баазад 5:00 цагт ирчихээд, өдөрт хоёр ээлж солигдоно. 15.00-16.00 цагийн хооронд ээлж солигддог. Ээлжээ сольчихоод кондукторууд бааз дээр ирээд мөнгө төгрөгөө тушаачихаад гэртээ очих гэсээр байтал оройн 19.00 цаг болдог. “Автобус -3” компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Нямжав:
Ажилчдад маань ерөнхийдөө шинэ удирдлагын зохион байгуулалтыг буруу гэж үзэж байна гэсэн хандлага байна.
Манай ажилчдын 60 орчим хувь нь гэр хороолол, хөлсний байранд амьдардаг. Дээд боловсролтой гээд байгаа хүмүүс яахав ажлаа хийгээд өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн тавигдаж байгаа асуудал шугаманд үйлчилгээ эрхэлдэг хүмүүст тулгарч байгаа нь үнэн. Зорчигч нараас ч шалтгаалсан асуудал маш их байдаг. Түүнчлэн буудалд зөв зогссонгүй гээд цагдаа нь торгоно, замын түгжрэлээс болж шугамын цаг нь хоцроод эхэлбэл цагаараа явахгүй байна гээд дээд газраас утасдах гэх мэтчилэн өчнөөн дарамт шахалт байгаа. Энэ өөрөө их стресстэй салбар шүү дээ. Бас нэг зүйлийг энд хэлэхэд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд автобус хүн шүргэчихлээ, мөргөлдлөө гэвэл бүгд бичнэ. Харин автобусны жолооч хутгалуулчихлаа, зодууллаа гэсэн нэг ч мэдээ гардаггүй. Жолооч нар гэмт халдлагад өртөх нь элбэг байдаг гэсэн үг үү. Халдлагад өртлөө гэхэд даатгалд хамрагдаж чадаж байна уу?Гэнэтийн ослын даатгал, нийгмийн эрүүл мэндийн даатгал гээд гурван төрлийн даатгал байгаа. Орой ажилчдын унаагаар харьж байгаа ч гэсэн яг үүд үүдэнд нь хүргэж өгөх боломжгүй. Тийм учраас дээрэмдүүлэх, харанхуй гудамжаар явж байгаад толгойгоо цохиулж, хутгалуулж байсан тохиолдлууд бий. Бүх автобусны компанид гардаг асуудал. Автобус -3” компанийн захирал М.Цэвээн-Очир:
Өнөөдөр ямар нэгэн албан ёсны шаардлага тавигдаагүй. Манайх 100 хувь төрийн өмчит улсын үйлчилгээний газар. Хэн нэгний зохион байгуулалттайгаар ямар нэгэн ажил хаях санаархал ч юм уу, ажил хаях хороо гэдгийг байгуулж байна. Харин одоо бүгд шугамандаа гарсан.
Ер нь бол ажил хаях түр хороо гэж намайг анх ажлаа хүлээж авахад байгуулагдсан байсан. Ажилчдын амрах нөхцөл хэр хангагдаж байна вэ
Хөдөлмөрийн зохион байгуулалтыг аль болохоор оновчтой зохион байгуулах, жолооч нарын ажил үйлчилгээг жигд болгох, бүх жолооч нар хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Хариуцлагагүй улсуудад хариуцлага тооцсон. Тэд ажлын байрны нөхцөл байдал хүнд байна гэсэн асуудал тавьж байгаа. Хариуцлагатай байх нь юу юунаас чухал. Яагаад гэвэл сая гаруй хүн амтай хотын залуу, хөгшин, өвчтэй зовлонтой хол ойр явж байгаа бүгдэд нь үйлчилгээг жигд хүргэх ёстой. Тэр үйлчилгээний соёлыг бол зарим мөнгө хураагч маань биелүүлдэггүй. Бид стандарт шаардлагыг байгууллагынхаа үйл ажиллагаанд нийцүүлж ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тэр зохион байгуулалтыг эсэргүүцэж байгаа цөөн тооны хүмүүс илүү дутуу асуудал ярьж байна.Жолооч нарын зүгээс удирдлага солигдоод халаа сэлгээ их хийж байна гэж ярьж байна. Энэ талаар?Ямар ч тийм асуудал байхгүй. Ерөнхий инженер тэтгэврийн насны хүн байсан. Тиймээс оронд нь залуу эрч хүчтэй инженерээр сольсон. Миний хувьд ажлаа аваад удаагүй дөнгөж 45 хонож байна. Түр хороотой уулзаад цалин нэмсэн. Ажилчдын үндсэн цалин 30 хувиар нэмэгдсэн. Тэр цалин олгох ажлын сар дүгнэгдэх гэж байна. Ядаж тэр цалинг авч байж асуудлыг шийдэх ёстой.